16/03/2021
Хайрын түүхийг яруу сайхан хүүрнэсэн энэ бэсрэг тууж хүний сэтгэлийн утсыг хөндөж чадсан учир өдгөө хүртэл хайр сэтгэлийн хамгийн сайхан зохиол хэмээн уншигчдын талархалыг хүлээсээр байгаа нь зүй ёсны хэрэг юм. Хайр гэдэг хүний далд сэтгэлд үүсч цагаа болохоор булгийн урсгал шиг оргилон гарч ирдэг гэдгийг хөгжмийн эгшиг хүний сэтгэлийг хөвсөлзүүлэх, уран зураг мэлмийг баясгах шиг үгийн урнаар шаглан үзүүлснийг хэлэх юун.
Дайны үеийн тосгоны аж амьдрал, зовлон зүдгүүр, баяр гуниг хослон байгаа нь хар цагаан киноны дүрс шиг нүдний өмнүүр жирэлзэн өнгөрнө. Дайны хүнд бэрх, хомс тарчиг, цагт эх орныхоо төлөө фронтод тулалдаж байгаа эрэлхэг хөвгүүд, эр нөхөр, ах дүүсийнхээ төлөө хуруу хумсаа хуйхлан, нуруугаа хотойтол зүтгэж байгаа тэр дүр зураг арын албанд ч гэсэн дайны сүүдэр нөмөрч буу зэвсэг агсаж сумны өөдөөс яваагүй ч сэтгэл зүрх бие махбодоороо дайсантай тэмцэлдэх тосгоны эмэгтэйчүүд, хүүхэд багачуудын хөдөлмөрч зүтгэл бахдал төрүүлнэ.
Гоо үзэсгэлэнт залуухан бүсгүй Жамиль эр нөхрөө дайнд үдсэн айлын шинэхэн бэр учраас бусдад шоглуулах, савсаг харчуудын нүдний хор болохоос эмээх ч бас залуу халуун хангал насны хүсэл тэмүүлэл нь түүнийг хатуу ёс заншилд хүлэгдсэн гэрийн хорионоос эрх чөлөөт шувуухай адил дүүлэн нисэхэд хүргэжээ. Хар багаас өнчин өрөөсөн, орон гэргүй байхын зовлонг туулсан Данияр дайнд шархдсан учир төрөлх нутагтаа эргэн ирсэнээр гоо бүсгүй Жамильтай нүүр учрах хувь тавилантай байжээ. Эр нөхрөө хүлээн залуу насны гоо үзэсгэлэнгээ бүдгэрүүлж яваа Жамиль бүсгүйд гэр сахин нэргүй ажилд дарагдаж сууснаас олны дунд үймж бужигнан сэтгэлээ сэргээж явах нь сайхан л гэж бодсоноос орох орон оочих аягагүй, төрөл садангүй тэнэмэл хазгар залууд гэнэт сэтгэл алдарна гэж хэн хүний зүүдэнд орох билээ. Данияр анхны харцаар л Жамильд дурласан байж болох ч тэр зохиолч ам нээсэнгүй