16/07/2026
Ажаад байх нь ээ болж бүтэхгүй худал хуурмаг бүхэн яваандаа өөрийгөө илчилж ил цагаандаа гарч өөрөө өөрийгөө устгадаг гэж буурал заасан нь яг үнээн.
Хүний хор өөрийн эрүүл ухааныг хордуулж, адын үйл үйлдүүлсээр сүүлдээ чөтгөр болдог. Худал хуурмаг нь араас нь хөөсөөр ил гардаг. Хүний бардам яван явсаар эрээ цээрээ алдан хувхай хоосон нь илчлэгддэг. Ерөөсөө тухайн хүн жинхэнээсээ хэн юм бэ гэдгийг цаг хугацаа дэлгээд тавьчихдаг юм байна даа. Тиймээс өөрийгөө таньж өөрийгөө засаж явах, үнэн бөгөөд үнэ цэнэтэй байх гэдэг юу юунаас илүү хүч чадал юм байж ээ.
Адгийн наад зах нь шалиг завхай хүн хань ижилтэй байхын амгаланг мэдрэхгүй.
Итгэл даадаггүй, хүнийг хүн гэж үнэлдэггүй хүн андтай байхын үнэ цэнийг олохгүй.
Бодлогогүй хөнгөн хүн байнга алдаагаа давтаж, сүүлдээ үйл нь хүчгүй, нэр нь өөдгүй муу болж байх байрандаа очино.
Худал хуурмаг хүн үнэнд гүйцэгдэж ямар ч үнэ цэнэгүй болно.
Өөрийн толгойгүй бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн амьдралдаа эзэн байж чадахгүйн улмаас утга учиргүй амьдралаар хамаг цагаа үрж хамхуул мэт хийссээр хэн ч биш болно.
Эд бүгд анхнаасаа үнэнээ таньсан бол засч мөрлөж болох байсан ч өөрийгөө танихгүйн гайгаар мөр нь төөрч будилна. Хамаг хүчийг баран үхэн тэмцсэн үйл ба нэр төр нь нэг л өдөр хий хоосон болж, нуран унаж өөрийнх нь үнэнийг толгой дээр нь асгана. Толгой дээр ил асгархаас өмнө далд зүрхийг базалж өөрийн гараар засах боломжийг үргэлж олгодог. Ингээд бодоход цаг хугацаа, заяа тавилан гэдэг хичнээн ил шударга вэ?.
Тиймээс хүн олон нь одоо гаднаа хэрхэн хүчирхэг ухаалаг харагдахдаа биш хэрхэн үнэнхүү хүчирхэг ухаалаг болох тал дээр анхаарууштай. Аль сайхан бүрийг авдаг, хэзээ ч алддаггүй, үргэлж өөрийн зөв байх төгс төгөлдөр дүр эсгэлт нь үнэндээ заяа тавиланг хуурч мэхэлж буй гэм ял гэдгийг ойлгох цаг болжээ. Хүртэх ёстойгоосоо илүүг зулгааж хүртсэн бүхэн буцаад заавал байрандаа унана.
Урт хугацаа хол замд хугарашгүй ноён нуруутай, түр зуурын гялбаа биш насан туршийн үнэн мөртэй байж сурах нь энэ цагийн гол дэнс юм. Өөрөөр хэлбэл аливаа үйлийн арыг манадаг, аливаа нэрийн арыг даадаг, аливаа үгэндээ ар нь бат, аливаа үйлдэлдээ эзэн хариуцлагатай бөгөөд энэ чанар нь тогтвортой гуйвшгүй байх нь эрхэм нэр төр ажээ. Нэр ба үйлийн арыг даах уу гэдгийг цаг хугацаа шүүж, үнэн чадвар байгаа бол насан үүрд нэрээ манаж чадах аж.
Шүүн шүүсээр үнэнийг дэлгэдэг нь жам өөрөө тул үнэнээр оршсон хүн бүгд нэр төртэй, хойчийн үед толгой өөд харц эгц өлмий бат орших буй.