GNL ST Mongolia

GNL ST Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from GNL ST Mongolia, Shopping & retail, #1, 2nd, Ulaanbaatar.

**Гарал үүслийн гэрчилгээ гэж юу вэ? ** Англиар “CERTIFICATE OF ORIGIN”, товчоор “CO”, Монголоор ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ...
13/05/2020

**Гарал үүслийн гэрчилгээ гэж юу вэ? **

Англиар “CERTIFICATE OF ORIGIN”, товчоор “CO”, Монголоор ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ нь аливаа бараа бүтээгдэхүүн нь тодорхой нэгэн улсад үйлдвэрлэгдсэнийг батлах бичиг баримт юм.

**Гарал үүслийн гэрчилгээ яагаад хэрэг болдог вэ? **

Гадаад худалдааны гэрээ хэлцэлд багтсан улс орнуудаас тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортлох эсвэл тухайн орнууд уруу экспортлох тохиолдолд гадаад худалдаа эрхлэгч тухайн бараа бүтээгдэхүүнийхээ гарал үүслийг батлах хэрэгтэй болдог. Мөн статистик бүртгэл, маркетинг, борлуулалт зэрэг олон зорилгоор гарал үүслийг батлах шаардлага ч гардаг.

**Монгол улсад импортлогдож буй бараа бүтээгдэхүүний хувьд гарал үүслийн гэрчилгээ хэр их шаардлагатай болдог вэ? **

Монгол улсын хувьд ч мөн ялгаагүй сүүлийн үед импортлогдож буй хүнс, химийн бүтээгдэхүүн зэрэгт зайлшгүй шаардлагаар, мөн улс хоорондын гадаад худалдааны гэрээний дагуу татварын хөнгөлөлт эдлэх зэрэг зорилгоор холбогдох байгууллагад гарал үүслийн гэрчилгээг гаргаж өгөх хэрэгцээ нэмэгдсээр байна.

**Хэрэв та импортлогч бол гарал үүслийн гэрчилгээгээ хаанаас авах вэ? **

Та өөрийн экспортлогч талд хүсэлт тавьж авч болно.

**Хэрэв та экспортлогч бол гарал үүслийн гэрчилгээгээ хаанаас авах вэ?**

Бараа бүтээгдэхүүнийг экспортлогч эсвэл үйлдвэрлэгч нь өөрийн орны гарал үүсэл батлах эрх бүхий байгууллагад бараа бүтээгдэхүүнээ мэдүүлснээр гаргуулж авдаг. Зарим оронд тухай орны гаалийн байгууллага гарал үүслийг батлах эрхтэй байдаг бол дэлхийн ихэнх оронд тухайн орны Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим гарал үүслийг баталдаг. Монгол болон БНСУ-ын хувьд тус орнуудын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим гарал үүслийг батална. Монгол улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ авахыг хүсвэл та вэб хуудаст доорх хаягаар нэвтрэн орж, мэдээлэл авч болох юм: https://www.mongolchamber.mn/p/60

Гадаад худалдааны үндсэн баримт нотолгоо болдог бичиг баримт нь “Соmmercial Invoice” болон “Packing List” хэмээх үргэлж ...
30/04/2020

Гадаад худалдааны үндсэн баримт нотолгоо болдог бичиг баримт нь “Соmmercial Invoice” болон “Packing List” хэмээх үргэлж хосоороо явдаг бичиг баримт билээ.

Орчуулвал “Соmmercial Invoice” гэдэг нь “Худалдааны Нэхэмжлэл” буюу экспортлогч нь ямар тоо хэмжээтэй, ямар бараа бүтээгдэхүүнийг, ямар үнээр зарсныг нотолдог бичиг баримт, “Packing List” гэдэг нь “Баглаа Боодлын Жагсаалт” буюу “Худалдааны Нэхэмжлэл”-д тусгагдсан бараа бүтээгдэхүүнийг хэрхэн хичнээн тооны ямар баглаа боодолтойгоор илгээснийг нотолдог бичиг баримт юм.

Энэ бичиг баримтыг илгээгч буюу экспортлогч өөрийн нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнийг тодорхойлон гаргаж өгөх үүрэгтэй байдаг.

“Commercial Invoice”, “Packing List”-ийг үндэслэн тээвэрлэгч нь BL буюу Ачааны Үнэт Цаасаа гаргаж, экспортлогч нь өөрийн талын гаальд экспортын мэдүүлгээ хийж, тээвэр явагдах бүх замын турш тухайн ачааг дагалдан, эцэст нь импортлогч тал нь өөрийн талын гаальд бараа бүтээгдэхүүнээ мэдүүлэхэд ашиглагддаг тул чухал ач холбогдолтой.

Тус бичиг баримтуудын хэсэг бүрт тусгагддаг мэдээллүүдийн тайлбарыг зургаар оруулав.

Будаг, ахуйн газ, баттери зэрэг шатамхай, тэсрэмтгий, буруу горимоор тээвэрлэлэвэл хүний бие, байгаль орчинд сөрөг нөлөө...
30/04/2020

Будаг, ахуйн газ, баттери зэрэг шатамхай, тэсрэмтгий, буруу горимоор тээвэрлэлэвэл хүний бие, байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэх мэт шинж чанараасаа болоод Аюултай(Dangerous Good) ангилалд багтдаг бараа бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох үед тээвэрлэгчийн зүгээс захиалагч талд үнийн санал өгөх, тээвэрлэх боломжтой эсэхийг шалгахын тулд хамгийн түрүүнд шаарддаг бичиг баримт бол MSDS билээ.

Тэгвэл MSDS гэж юу вэ?

MSDS гэдэг нь англиар “Material Safety Data Sheet” буюу “Mатериалын Аюулгүй байдлын Мэдээллийн Хуудас” юм. Энэ нь тухайн бараа бүтээгдэхүүнийг аюулгүй ашиглах, удирдахад шаардлагатай мэдээллийг агуулсан аюулгүй байдлын мэдээллийн хуудас юм

Хэрэв таны сонгосон тээвэр зууч MSDS-ийг шаардсан бол та энэ бичиг баримтыг тухайн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч талд хүсэлт тавин авах боломжтой.

Энэ бичигт доорх мэдээллүүд тусгагдсан байдаг:

1. Тухайн бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгчийн ерөнхий мэдээлэл
2. Хор хөнөөлтэй эсэх, аюултай эсэх
3. Бүрдүүлж буй орцын нэршил
4. Ямар нэгэн осол гарсан үед анхны тусламж үзүүлэх зөвлөмж
5. Гал гарах үед авах арга хэмжээ
6. Асгарсан үед авах арга хэмжээ
7. Ашиглах хадгалах зааварчилгаа
8. Биед хүрэхээс хамгаалах, харьцан ажиллах үед өөрийгөө хамгаалах аргачлал
9. Физик, химийн шинж чанар
10. Тогтвортой байдал, хариг урвал үзүүлэх шинж чанар
11. Хоруу чанарын мэдээлэл
12. Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл
13. Устгалд оруулах үед анхаарах зүйлс
14. Тээвэрлэх үед анхаарах зүйлс
15. Холбогдох хууль эрх зүйн зохицуулалт
16. Бусад мэдээлэл

Дээрх мэдээлэлтэй танилцсанаар тээвэрлэгч нь ачааг хадгалах, савлах, тээвэрлэх аргачлалаа боловсруулах, өөрийгөө тухайн ачааг тээвэрлэх боломжтой эсэхийг тодруулах зэрэг боломжтой байдаг.

Хэрэв ачаа нь аюултай ангилалд багтдаг бол “Тээвэрлэх үед анхаарах зүйлс” хэсэгт UN дугаар буюу ангилын дугаар өгөгдсөн байдаг. Тухайн ангиллын дугаар тус бүрээр ямар тээврийн хэрэгслээр тээвэрлэх, хэрхэн хадгалах, аюул ослын үед ямар арга хэмжээ авах зэрэг нь харилцан адилгүй байх тул энэ нь таныг болон таны тээвэрлэгчийг холбогдох аливаа эрсдлээс хамгаалах суурь мэдээлэл болдгоороо их чухал бичиг баримт юм.

CONTAINER OVERWEIGHT буюу жингийн хэтрэлт гарсантай холбогдуулан нэмэлт зардлууд гарах үед үйлчлүүлэгч, тээвэр зууч хоёр...
20/04/2020

CONTAINER OVERWEIGHT буюу жингийн хэтрэлт гарсантай холбогдуулан нэмэлт зардлууд гарах үед үйлчлүүлэгч, тээвэр зууч хоёр гарсан асуудлыг хамтран шийдэх хэрэгтэй болдог. Энэ үед зайлшгүй яригддаг зарим нэг ойлголтуудыг доор хүргэе.
Монголчууд бид “40 тонын чингэлэг”, “20 тонын чингэлэг” гэж хоорондоо ярилцан их амархан ойлголцдог.

Гэвч хамгийн сонирхолтой нь “40 тонын чингэлэг” нь 40 тонын даацтай, “20 тонын чингэлэг” нь 20 тонын даацтай гэсэн үг биш билээ. Бидний ярьж заншсанаар “40 тонын чингэлэг” нь 40’ гэж тэмдэглэдэг 40 фит урттай чингэлэг, “20 тонын чингэлэг” нь 20’ гэж тэмдэглэдэг 20 фит урттай чингэлгүүд юм. “Фит” гэж ярихаас илүү “Тон” гэж ярих нь магадгүй илүү дотно байсан болохоор бид анхнаасаа ингэж ярьж хэвшсэн байж болох юм.

Тэгвэл “20 тонын чингэлэг” болон “40 тонын чингэлэг” нь бодитоор ямар даацтай чингэлгүүд байдаг юм бол оо?
Чингэлгийн хийсэн материал, үйлдэрлэгч, анхны захиалагчийн шаардлага зэргээс хамаараад бидний өдөр тутмын тээвэрт хэрэглэдэг чингэлгүүдийн даац хоорондоо бага зэрэг ялгаатай байж болох ч ерөнхий үзүүлэлт нь доорхтой адил байна:

20’DC (Энгийн 20 тонын чингэлэг):
-Өөрийн жин: 2,270 кг
-Ачааны даац: 24,670 кг
-Дотоод урт: 5,898 мм
-Дотоод өргөн: 2,352 мм
-Дотоод өндөр: 2,390 мм
-Дотоод эзлэхүүн: 33.2 м.куб

40’HC (Монголын тээвэрт өргөн хэрэглэгддэг өндөр 40 тонын чингэлэг):
-Өөрийн жин: 3,890 кг
-Ачааны даац: 26,010 кг
-Дотоод урт: 12,033 мм
-Дотоод өргөн: 2,352 мм
-Дотоод өндөр: 2,695 мм
-Дотоод эзлэхүүн: 76.3 м.куб

Дээрх үзүүлэлтүүд бол зөвхөн бодитоор чингэлэгт ачиж болох техникийн үзүүлэлтүүд юм.

Гэвч тээвэр зохион байгуулагдаж буй орон тус бүрийн холбогдох хууль тогтоомжуудаар чингэлэгт ачиж болох ачааны жин, эзлэхүүн зэрэг нь хязгаарлагддаг. Жишээ нь:

1. БНСУ-ын авто замд чингэлгийн өөрийн жинтэй нийлээд 26,000кг жинтэй ачаа ачсан ачааны автомашиныг зорчихыг зөвшөөрдөг.
2. БНХАУ-д чингэлэг өөрийн жинтэйгээ нийлээд 20’ бол 24,000 кг, 40’ бол 30,480 кг-аас хэтэрвэл дамжин өнгөрөх төмөр замд ачихыг хориглодог.

Мөн түүнчлэн далайн тээвэрлэгчид, агаарын тээвэрлэгчдийн тээврийн хэрэгсэл тус бүрт хүлээн авах боломжтой ачааны тодорхой хязгаарлалтууд зэргээс шалтгаалан зарим тохиолдолд ачааг тээвэрлэх боломжгүй байх эсвэл илүү өндөр зардал төлж тээвэрлүүлэх зэрэг тохиолдол байдаг билээ.

Мэдээж та өөрийн тээврийн зөвлөгч буюу тээвэр зуучтайгаа сайтар зөвлөх нь илүү зардал, таамаглаагүй гэнэтийн асуудлаас хамгаалах болно
😊

Монгол Улсын гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын Монгол-Солонгосын дипломат харилцааны 30 жилийн ойг тохиолдуулан өгсө...
08/04/2020

Монгол Улсын гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын Монгол-Солонгосын дипломат харилцааны 30 жилийн ойг тохиолдуулан өгсөн ярилцлага

https://ikon.mn/n/1u02?fbclid=IwAR3meBHOyAzGxVWZrh_ziwi5WMIj07QlMK_QGQU9NGnqr3PpCvWlycYXCHM

Олон тоон мэдээлэл дурьдсан чухал ярилцлага болжээ.
Зарим нэг анхаарал татсан мэдээллүүдийг доор хураангуйлав:

-Солонгосын хөрөнгө оруулалттай 2,532 компани
-1990.03.26 дипломат харилцаа тогтоох протокол зурсан
-1991 П.Очирбат ерөнхийлөгч айлчилсан
-1999 Ким Дэ Жүн ерөнхийлөгч айлчилсан
-Ерөнхийлөгч, Парлиаментийн дарга, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдын түвшинд 30 гаруй айлчлал хэрэгжсэн
-50 гаруй засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр байдаг.
-2019 он: 300 сая долларын худалдааны эргэлт, 550 сая доллар Солонгосын хөрөнгө оруулалт, 48,000 иргэн Солонгост амьдардаг, 200 гаруй мянган иргэн харилцан зорчдог ба ойролцоо 50:50, 8900 гаруй оюутан Солонгост сурдаг
-Солонгосын тусламжтай төслүүд: Үндэсний эмчилгээ оношилгооны төв, 10 аймгийн төвийн дулааны станц
-1994 он MIAT, 1996 он KAL, 2016 BUSAN AIR, 2019 ASIANA AIRLINES

Энэ жил Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ярилцлаа.

Агаарын тээвэрт ‘CHARGEABLE WEIGHT’(Үнэ тооцох жин)-г хэрхэн тооцоолдог вэ?Агаарын тээврийн үнэ нь килограм тутмаар тооц...
07/04/2020

Агаарын тээвэрт ‘CHARGEABLE WEIGHT’(Үнэ тооцох жин)-г хэрхэн тооцоолдог вэ?

Агаарын тээврийн үнэ нь килограм тутмаар тооцогддог. Ингэхдээ ‘Actual Weight’(Бодит жин) болон ‘Volumetric Weight’(Эзлэхүүнээр тооцсон жин) гэх 2 төрлийн ойлголтыг ярих ба энэ 2 төрлийн жингийн аль хүнд байгаагаар нь тээврийн нийт төлбөрийг тооцдог.

Өөрөөр хэлвэл хөнгөхөн хэрнээ асар том овор хэмжээтэй ачаа онгоцонд нь оруулж ачаад өөр ачаа ачих боломжгүй болгохоос хамгаалахын тулд агаарын тээвэрлэгчид арга буюу гаргасан шийдэл гэж ойлгож болох юм даа.

Тэгэхээр тээвэрлүүлэгчийн хувьд Chargeable Weight-ийг хэрхэн тооцолдгийг мэдэж байх нь тээврийн зардлаа тооцоолоход чухал ач холбогдолтой.

Хэрхэн тооцдог вэ? гэвэл:

1) Хамгийн түрүүнд ачааныхаа урт * өргөн * өндрийг үржүүлэн хичнээн м.куб эзлэхүүнтэй болохыг нь тодорхойлно.

2) Эзлэхүүн буюу м.куб-ыг 167-оор үржүүлэх ба үүний үр дүнд таны ачааны Volumetric Weight гарч ирнэ.

3) Ингэж тооцож гаргасан жин хэрвээ таны ачааны бодит жингээс хүнд бол Volumetric Weight-ээр кг тутмын үнийг үржүүлэн нийт зардлаа тооцож гаргана гэсэн үг.

Жишээ нь:
АБВ компани Лос Анжелесаас Шанхай уруу ачаа тээвэрлүүлжээ.
Ачаа нь тус бүр 30 кг-ын жинтэй 5 хайрцаг, хайрцаг тус бүр нь 90см урттай, 80см өргөнтэй, 80см өндөртэй байжээ.
1) Volume(Эзлэхүүн): (0.9m x 0.8m x 0.8m) x 5 = 2.88 м.куб
2) Volumetric Weight: 2.88 м.куб x 167 = 480.96 кг
3) Actual Weight нь 30 кг x 5 хайрцаг буюу 150 кг, харин Volumetric Weight нь бидний тооцоогоор 480.96 кг болсон тул энэ удаагийн ачааны төлбөрийг үнэндээ ачаа 150 кг-ын л жинтэй боловч үнээ төлөхдөө 480.96 кг-аар тооцож тээврийн үнийг төлнө гэсэн үг юм.

Тэгэхээр ачааны баглаа боодлыг хийхдээ оврыг шаардлагагүй томруулахгүй байх нь бас чухал гэсэн үг болох нь.

ИНКОТЕРМС-ийн талаарFOB Incheon, EXW Busan гэх мэтчилэн Инкотермс буюу Олон Улсын Худалдааны Нөхцлүүд тээвэр, худалдааны...
03/04/2020

ИНКОТЕРМС-ийн талаар

FOB Incheon, EXW Busan гэх мэтчилэн Инкотермс буюу Олон Улсын Худалдааны Нөхцлүүд тээвэр, худалдааны гэрээ хэлцэл хийх үед ихээхэн ашиглагддаг. Тэдгээр нөхцлүүдийн талаар мэдлэгтэй байх нь гэрээ, хэлцлийн үед аливаа зардал болон тохиролцох шаардлагатай асуудлуудыг орхигдуулахгүй байх, нийлүүлэгч, худалдан авагч, эсвэл тээвэрлэгчтэйгээ түргэн шуурхай ойлголцох боломжийг олгодог билээ.

Инкотермсийн нөхцлүүдийг Олон Улсын Худалдааны танхим тодорхойлсон байдаг. Эдгээр нөхцлүүд нь талуудын хоорондын харилцаа, маргааныг зохицуулахад өргөн утгаараа ашиглагддаг. Инкотермс нь дангаараа худалдааны ямар нэгэн гэрээг орлохгүй боловч гэрээнд тусгагдах үүрэг, зардал, эрсдэл, хүргэлт, тээвэрлэлт зэрэг олон нөхцлүүдийг гэрээ байгуулах үед нэг үгээр төлөөлүүлэн тохиролцох, тодорхой болгох боломжийг олгодог.

Эдгээр нөхцлүүдийг бүгдийг нь бүрэн тайлбарлавал нэлээд урт нийтлэл бичих хэрэгтэй боловч Солонгос-Монголын тээвэрт түлхүү ашиглагддаг зарим нөхцлүүдийг энгийнээр тайлбарлая.

1. EXW Busan, EXW Incheon(Ex Works): Энэ тохиолдолд бараа бүтээгдэхүүнийг импортлогч нь экспортлогчийн агуулахаас эхлээд өөрийн агуулах хүртэлх бүх тээврийн зардал, эрдслийг бүрэн үүрдэг. Энгийнээр бол та өөрийн тээвэрлэгчийг сонгож, таны сонгосон тээвэрлэгч Солонгос дахь төлөөлөгчөөрөө дамжуулан илгээгчийн агуулахаас бараа бүтээгдэхүүнийг очиж аваад, экспортын гаалийн бүрдүүлэлтийг илгээгчийн нэр дээр төлөөлөн гүйцэтгэж таны агуулах хүртэл тээврийг зохион байгуулна гэсэн үг юм.

2. FCA Busan, FCA Incheon(Free Carrier): Энэ тохиолдолд илгээгч нь бараа бүтээгдэхүүний экспортын гаалийн бүрдүүлэлтийг хийж, импортлогчийн сонгосон тээвэрлэгчийн агуулах хүртэл хүргэнэ. Тийм учраас ямар тээвэрлэгч сонгохоо импортлогч шийдэх ба тээвэрлэгчийн агуулахад хүргэснээс хойшхи бүх зардал, эрсдлийг импортлогч хүлээнэ гэсэн үг болох юм.

3. FOB Busan, FOB Incheon(Free on Board): Хэрвээ та энэ нөхцлөөр гэрээлсэн бол экспортлогч нь усан онгоц, эсвэл нисэх онгоцны тавцанд тавигдах хүртэлх Солонгост гарах бүх зардал, эрсдлийг хариуцна. Импортлогч нь түүнээс хойшхи зардал буюу Солонгосын боомтоос, өөрийн агуулахад ирэх хүртэлх бүх эрсдэл, зардлыг хариуцна. Нэгэнтээ импортлогч тээврийн зардал, эрсдлийн ихэнх хэсгийг нь хариуцаж буй тул тээвэрлэгчээ сонгох ба сонгосон тээвэрлэгчийн Солонгос талд нэхэмжилсэн бүх зардлыг экспортлогч төлнө.

4. CFR Ulaanbaatar (Cost and Freight): Энэ нөхцөлд экспортлогч нь Улаанбаатар дахь боомт хүртэлх зардлыг хариуцна. Тийм учир тээвэрлэгчээ экспортлогч сонгоно. Гэвч Улаанбаатар хүртэлх эрсдлийг экспортлогч үүрэхгүй бөгөөд импортлогч тээврийн даатгал хийлгэхийг хүсвэл даатгалын зардлыг төлөх шаардлага гарна. Харин импортлогч экспортлогчид эрсдлээ давхар үүрүүлэхийг хүсвэл CIF Ulaanbaatar(Cost, Insurance and Freight) нөхцлөөр гэрээлж болох юм.

Инкотермсийн бусад нөхцлүүд болон илүү дэлгэрэнгүй зүйлсийн талаар сонирхож байвал эрхэм та бидэнтэй холбогдон зөвлөгөө авч болно шүү ^^

ЛОГИСТИК ГЭЖ ЮУ ВЭ?‘Logistics’ буюу криллээр ‘Логистик’ хэмээх нэгэн гадаад нэр томъёог бид олонтаа хэрэглэж, Монгол үг ...
31/03/2020

ЛОГИСТИК ГЭЖ ЮУ ВЭ?

‘Logistics’ буюу криллээр ‘Логистик’ хэмээх нэгэн гадаад нэр томъёог бид олонтаа хэрэглэж, Монгол үг мэт ойлголцдог болсоор уджээ.

Гэвч энэ нэр томьёо нь яг юуг илэрхийлдэг болон, ямар үүсэл гаралтай болох нь бас сонирхолтой л юм.

‘Logistics’ хэмээх Англи үг нь ‘Logistique’ хэмээх Франц үгнээс гаралтай бөгөөд 1846 онд Antoine-Henri, Baron Jomini хэмээх Францын генерал эрийн бичсэн “Дайны урлагийн талаар товч ойлголт” хэмээх номонд цэргийн хэрэгцээнд хэрэгтэй хангамжийн материал бэлтгэлийн талаар ярихад хэрэглэгдсэн нэр томъёо юм. Гэвч сонирхолтой нь ‘Logistique’ гэх энэ Франц үг өөрөө ихэнх орчин үеийн мэргэжлийн болон шинжлэх ухааны нэр томъёонуудын адилаар эртний Грекээс гаралтай бөгөөд математик дахь ‘Logistikós’ гэдэг үгнээс гаралтай.

Орчин үед логистик гэдэг үгийг хялбарчлан ‘Тээвэрлэлт’ гэж ойлгох тохиолдол байдаг ч үнэндээ логистик нь эд зүйлсийн үүслийн цэгээс ашиглалтын цэг хүртэлх урсгалын менежмент бөгөөд эд зүйлс гэдэгт бараа материал, тоног төхөөрөмж, хангамжийн зүйлс, хүнс зэрэг ашиглаж, хэрэглэж болох биет баялагийг ойлгож болно. Өөрөөр хэлвэл тухайн баялагийн захиалга, тээвэрэлт, хадгалалт, бүртгэл, хүргэлт зэргийг оролцуулсан цогц ойлголт бол логистик билээ.

Тээвэр бол логистикийг бүрдүүлэгч нэг бүрэлдэхүүн хэсэг гэсэн үг юм.

Логистикын зөв удирдлага нь нийлүүлэгчээс хэрэглэгчийн гарт хүртэл бараа бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлдэг бизнесийн үйл ажиллагааг хэлнэ.

Address

#1, 2nd
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when GNL ST Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share