13/04/2024
Нөхөртөө п, г гэж дуудуулаад уучлаад амьдардаг хүмүүс байдаг. Нөхрийнхөө хүсэлд багтаж, харцаар нь хөдөлж, уурлуулахаас айж нэгэн насыг бардаг хайран амьдрал зөндөө.
П минь гэж дуудуулчихаад урьдных шигээ хайрлана, тэврэнэ гэхээс миний лав санаанд багтдаггүй. (Пизда царайлчихаад хайрлахымуу хашаан…)
Энэ бүхний эцэст яагаад ямар ч үнэ хүндгүй энэ насыг барна вэ гэхээр үр хүүхдээ бодсондоо л гэнэ.
Зодож гар хүрдэггүй л бол боллоо гэж тайтгардаг бүсгүйчүүд байдаг. Үнэндээ гарах орохоо, хэнтэй найзлахаа, юу өмсөхөө, юу авахаа, юугаа хүнд өгөхөө, ямар ажил хийхээ, яаж аяглахаа хүртэл нөхрийн хүслээр хийж байгаа нь асар том сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байна гэдгийг анзаардаггүй. Хүчирхийллийг өөрөө өөгшүүлж байгаагаа ч сэхээрдэггүй.
Энэ бүхнийг та өөрийн ухамрсын түвшинд хариуцлагатайгаар хийх болохоос хүний хүслээр хүчээр хийх алба огт байхгүй. Хэрэв хүний хүслээр байгаад л байх юм бол насны бөгсөнд танд өөрийн гэх бодол ч үлдэхгүй.
Эмэгтэй хүний насан туршдаа хадгалж авч үлдэх зүйл үнэ цэнэ гэж мунхаг би боддог.
Танд хэн ямар үг хэлж болохыг, танруу яаж харж болохыг, таныг яаж дэвсэлж болохыг гагцхүү та л шийднэ. 
Хоёр хүний амьдрал хүндлэл хайр 2 дээр тогтдог болохоос үр хүүхэддээ хэрүүл хүчирхийлэл дээр тогтдогийг харуулж амьдарвал энэ амьдрал яагаад хүүхдээ бодсон амьдрал гэж?
Алдаагүй амьдрал, уучлал ойлгоцолгүй харилцаа гэж үгүй. Гэвч юуг уучилж, юуг хүлцэх нь таны өөрийн үнэ цэнэ.
Таныг үгийн муугаар хэлэхгүй, үлэмж дордоор үзэхгүй, үхмээр болтол чинь доромжлохгүй байхад танаас олон зүйл шалтгаална.
Хайрлаж чаддаг, итгэж чаддаг, хаяж чаддаг, байхад олон зүйл шийдэгддэг. Үнэ цэнийг чинь алж байгаа хүнийг хаяж чадахгүй байхад л таны амин оршихуй үнс болж байгаам.
Дэлхий даяар нөхөртөө зодуулаад амиа алдсан бүсгүйн талаар шуугиж байна. Үүнээс олон эмэгтэйчүүд үхсэн мэт сэтгэлзүйн шоронд хоригдож амьдарч байна.
Өөрийгөө хайрлана гэдэг нь би өөртөө хайртай гээд нүүрээ тордоод суугаад байхыг хэлдэггүй. Өөрийн бодол, хүсэл мөрөөдөл, үнэ цэнээ авч үлдэхийг л хэлдэг.
Хайр бол хамт амьдраад хайртай гэж хэлэхийг хэлдэггүй. Тэр хүний төлөө амьсгалж, хүндлэн дээдлэхийг хэлдэг.
Хүчирхийллийг өөрснөө л гааруулахгүй байцгаая.
Indra Tumurbaatar