09/12/2025
Өөртөө юу ч зориулж чадахгүй амьдардаг хүмүүс хэзээ ч дээшлэхгүй. Мөн Мөнгөтэй болсон ч жаргаж амьдарч чададгүй
Болц нь гүйцсэн, хайрцаг лийртэй эмээгийн түүхийг мэдэх үү? Муудаж эхэлснийг нь өдөр бүр түүж идээд, шинийг нь “маргааш идье” гэж хадгалаад байдаг эмээ. Харин маргааш нь ахиад нэг лийр харлаж цоохортоно, түүнийг иднэ. Лийр дуусан дуустал өдөр бүр энэ явдал давтагдсаар, эмгэн нэг ч удаа сайхан лийр идэж чаддаггүй шүү дээ.
Энэ үнэн түүх гунигтай бас сургамжтай
Өнөөдөр би үүнийг тун тод мэдэрч, ухаарч авлаа. Та ахиад жаахан л тэвчих, мөнгө нэмж олох, гамнаж хэмнэх, бүсээ чангалах хэрэгтэй гэж боддог биз?
Харин дараа нь...
Дараа гэх зүйл байдаггүй юм!
Энд, одоо л гэж бий!
Аз жаргалыг олохын тулд заавал төлөөс төлдөг гэх итгэл үнэмшил ер нь хаанаас бий болсон юм бол?
Хөрөнгө мөнгө олох уу?
Хүлээгээд л байх уу?
Юу хүлээх юм бэ?
Хөгшрөхөө юу?
Хүч чадлаа барагдахыг уу?
Хүсэл мөрөөдөл унтрахыг?
Хэзээ мөдгүй үхэхээ?
Миний өнөөдрийн нийтлэлтэй яг тохирох нэгэн бичвэрээс эш татмаар болов.
“Өчигдөр зуслангийн хөрштэйгөө буу халлаа. Яагаад нурмайж орхисныг нь асуув. Хөрш эмэгтэй санаа алдаад, гунигтай инээмсэглэж:
- Нүд ирмэх зуур л амьдрал ард хоцорч дээ, - гэлээ.
Би тайвшруулах санаатай хэдэн үг хэлтэл өөдөөс:
- Мөнгө ахиу олъё, зуслангийн байшингаа бариад дуусгачихъя, хүүхдүүд өсөг, тэгэхэд л би жинхэнэ өөрөөрөө амьдарна гэж боддог байлаа. Үсээ гоё засуулаад, дандаа даашинз өмсөж явна аа гээд л. Би чинь өмднөөс салдаггүй хүн шүү дээ гээд махлаг ташаагаа харснаа, даашинз л мөрөөддөг байлаа. Даанч өмд нь биед илүү эвтэйхэн юм гэж байна.
Тэгээд дуугаа хураав. Би ч шавдуулсангүй.
- Хүүхдүүд томорлоо, байшингаа ч барьчихлаа, мөнгө байна. Харин... би нөгөө л жийнстэйгээ. Үс ч янзандаа. Дагзан дээрээ боочихно.
Сэтгэлээр дэмнээд өгмөөр санагдав.
- Тэгээд одоо яасан гэж? Үсчин рүү хурдан яв л даа! Гоё даашинз ч худалдаад ав!
Гэтэл хөрш маань цөхөрсөн шинжтэй мушийлаа.
- Тэгмээргүй байна. Ядарч гүйцжээ, би. Бодит байдал гэдэг тэс өөр юм санж. Мөнхийн үймээн дунд хэзээ нь хөгширч орхисноо мэдэхгүй, би анзаараагүй. Илжиг шиг зүтгэсээр ялагдсан байна.
Шөнөжин би энэ үгийг эргэцүүлэв.
Илжиг шиг зүтгэсээр ялагджээ...
Энэ эмэгтэйд “дараа” гэж байсангүй. Хүчээ шавхаж, элэгдээд дуусаж.
Харамсалтай нь, ийм жишээ ганц нэгхэн биш. Хэдэн саяараа бий.
Урьд нэгэн сайхан үг уншиж билээ. “Дараа” гэдэг зам “Хэзээ ч биш” хотод хүргэнэ ээ гэж.
👉Одоо, энд л амьдар! Шийд!
Хөдөл! Энэ биед хоёр дахь амьдрал гэж байхгүй!
👉Гоёмсог аяга тавагнаас ууж ид. Надад гурван шүтээн бий – ном, хүзүүний ороолт, тэгээд аяга таваг. Тиймээс надад итгэ – үнэхээр гайхалтай байдаг юм.
👉Шинэ махны амтыг мэдэрч тансагла – хөлдөөж арагш тавих хэрэггүй.
👉Дөнгөж хураасан жимсний дээжийг амс – шүүс нь ширгэхээс өмнө.
👉Дэгжин даашинзаар гангар, өндөр өсгийт жий. Тэгээд хөршүүдийнхээ гайхсан харцан дор ойролцоох дэлгүүр лүү товолзтол алхаад ор.
👉Дуртай кофегоо уу – сайхан амтанд нь жарга.
Ном унш, аялж зугаал.
Дэггүйтмээр санагдвал – урагшаа!
Цаг завгүй гэж үргэлж хойш тавьдаг бялууны жороо гаргаж ир. Хүссэнээрээ хийгээд амтал.
Хамгийн гол нь – дараа гэж юуг ч битгий хойшлуул, хайр энхрийлэл, сайхан сэтгэл, халамж анхаарлаа бүү гамна.
Хамаг чадлаараа хайрлаж дурла!
Хайртай хүмүүсээ тэвэрч үнс!
Магтаал урамшууллыг өөд уруугүй цац!
Чин сэтгэлээ харамгүй нээ.
Энэ бүхэн л таныг аз жаргалтай хүн болгоно!
Харин аз жаргалтай хүн БҮХНИЙГ хийж чадна!
Бүр илүүг ч чадна!
Орчуулсан: ЧҮНДЖ паблишинг