23/07/2021
"BULLET JOURNAL" ГЭЖ ЮУ ВЭ?
Олон хүмүүс Bullet Journal /Bujo/ гэж яг юу болох талаар асууж байгаа болохоор өөрийнхөө хэмжээнд бяцхаан мэдээлэл өгье гэж бодлоо 🙂
Bullet Journal гэдэг нь ямар нэгэн хоосон хуудастай дэвтэр дээр /гэхдээ Bujo хөтөлдөг хүмүүс дийлэнх нь цэгтэй дэвтэр ашигладаг/ ✏️ ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТ буюу To-do list, ✏️ ТӨЛӨВЛӨГӨӨ буюу Planner, ✏️ ӨДӨР ТУТМЫН ТЭМДЭГЛЭЛ буюу Diary зэргээ өөрийнхөөрөө, бүтээлчээр бичиж, хөтлөх нэг төрлийн систем, хэв маяг юм. Өөрөөр хэлбэл Bullet Journal нь танд ӨНГӨРСНИЙГ ТЭМДЭГЛЭЖ, ОДООГОО ЗОХИОН БАЙГУУЛЖ, ИРЭЭДҮЙГЭЭ ТӨЛӨВЛӨХ бүтээлч боломжийг олгодог гэж ойлгож болно. Хүн текстээс илүү зурган, өнгөн хэлбэртэй аливаа мэдээллийг илүүтэй тогтоодог гэдэг судалгаа байдаг. Иймд таны өөрийнхөөрөө зурж, чимэглэсэн төлөвлөгөө, тэмдэглэлүүд тань таны тархинд илүүтэй хадгалагддаг гэж боддог.
Bujo хөтлөх нь миний хувьд МАШ ОЛОН ДАВУУ ТАЛТАЙ санагддаг. Жишээ нь:
* Том, жижиг гэлтгүй шаардлагатай зүйлсээ төлөвлөх дадлыг өөртөө суулгасанаар ажил, амьдрал илүү хялбар болдог
* Зорилгоо биелүүлэхэд тань түлхэц өгдөг
* Өөрийн зорьсон, төлөвлөсөн зүйлсээ дараа нь дүгнэж, цэгнэхэд тусалдаг
* Аливаа чухал зүйлсээ мартахгүй байхад тусалдаг
* Өмнөхөөсөө илүү олон ажил амжуулдаг болдог
* Цаг ашиглалт, хувийн зохион байгуулалт сайжирдаг
* Бүтээлч байдал нэмэгддэг
* Шинэ санаануудыг сэдэлжүүлдэг
* Бодол санаагаа цэгцлэхэд тусалдаг гэх мэт ...
Хэрвээ танд мянга мянган хийх ажлын жагсаалт байгаа бол
Хэрвээ та үзэг, цаасанд дуртай бол
Хэрвээ та тэмдэглэлийн дэвтэр, гоё гоё үзэгнүүдэд дуртай бол
Хэрвээ та төлөвлөгч бол
Хэрвээ та илүү хувийн зохион байгуулалттай болмоор байвал
Хэрвээ та өөрийнхөө бүтээлч байдлыг нэмэгдүүлмээр байвал ТАНД BULLET JOURNAL ЯГ ТОХИРНО гэж хэлмээр байна.
Copy