10/07/2024
Төрийн шагналт Дарма.БАТБАЯР: Магадгүй, нас жаахан яваад ухаан сууж байгаагийнх биз, хүнд хамгийн чухал хоёр л зүйл байна, нэг нь амар амгалан, нөгөө нь ариун тунгалаг, гэгээн байх гэж би бодох болсон. Өөр юун тэр эрдэм ном. Хүн яах гэж ном сурч байгаа юм бэ гэвэл сэтгэл санаагаа ариун тунгалаг болгох гэж, сэтгэлээ цэвэрлэх гэж. Хүнийг ертөнц угаас ариун тунгалаг бүтээсэн шүү дээ. “Нүдээ нээгээгүй гөлөг нэг сайхан” гэж үг бий. Монголчууд гэдэг чинь тэнэг улс биш. Нүдээ нээгээгүй гөлөг гэдэг тийм гэнэн ариун. Нүд нь нээгдэхээр орчлонгийн муухайг харчихдаг байхгүй юу. Хүүхэд ариун л гэдэг, тийм биш шүү дээ. Хүүхэд юм мэдэхгүй гэж бодоод томчууд хүүхдийн дэргэд муу муухай юм хийгээд, хэрэлдээд, зодолдоод байдаг. Тэгэхээр хүүхэд өсч өндийхдөө экологийн хэлээр бол бохирдсон амьтан болж хувирч байгаа юм. Данзангийн Нямсүрэнгийн шүлэг байдаг. “Сар хиртсэн шөнө шүлэг бичиж болдоггүй Шаргын ууланд ооно эврээ хугалчих гээд шүлэг бичиж болдоггүй…” гээд. Энэ бол ариун сэтгэхүй. “Тэнд чи минь дээл оёод хуруугаа хатгах гээд байхаар сар хиртсэн шөнө би шүлэг бичиж чадсангүй” гэж. Тэгэхээр ариун гэдэг бол гэгээн сайхан. Хүн юуны төлөө ном уншиж, зохиол бичиж байгаа юм? Ариусахын л төлөө шүү дээ. Бүх юм эндээс л эхэлнэ. Тэгээд ариун тунгалаг, амгалан болно. Үүнээс өөр жаргал гэж байхгүй. Сэтгэл санаа, оюун ухаанаа жаахан ч гэсэн гэгээрүүлэх юмсан. Миний эцсийн зорилго бол энэ.