02/03/2022
💐 ЭХНЭРТЭЭ ЦЭЦЭГ БЭЛЭГЛЭЖ СУРААРАЙ 💐
Цэцэг аваад үхчигдэг нь харамсалтай ч, цэцэг авсан мэдрэмж хэзээ ч үхдэггүй гэдэг шүү дээ. Эмэгтэй хүн эр хүнээс цэцэг авах мянга мянган шалтгаан байдаг ч хамгийн чухал гэсэн дараах таван шалтгааныг танилцуулж байна.
1️⃣ Онцгой өдрүүдийг илүү дурсамжтай болгохын тулд
Хайртын чинь төрсөн өдөр, ойн баяр, валентин эсвэл төслөө амжилттай дуусгасан, шалгалтандаа тэнцсэн, тушаал дэвшсэн гээд онцгой өдөр нь ямар ч байж болно. Түүний хувьд онцгойлон ач холбогдол өгдөг, нандигнадаг мөчүүдийг улам гэрэлтүүлж, баяр дээр баяр нэмэхийг хүсвэл дуртай цэцгийн баглааг нь заавал авч өгөөрэй.
2️⃣ Онцгой биш өдрүүдэд ч түүнийг онцгой гэдгийг мэдрүүлэхийн тулд
Энгийн л нэг лхагва гараг, 10 сарын эхний өдөр, амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилж байгаа ч эхнэртэйгээ өнгөрүүлэх хором мөч бүхэн чинь онцгой шүү гэдгийг илэрхийлэхийг хүсвэл цэцэг хамгийн зөв сонголт болно. Ачаалалтай өдөр дуусч, ажлаа тараад гэртээ ирэхдээ цэцгийн баглаа хараад эхнэр чинь инээмсэглэнэ. Өдөржин гэртээ өнжиж, хүүхдээ харан суугаа эхнэр авчирсан цэцгийг чинь хараад хайранд бялхаж хүч орно.
3️⃣ Уучлалт гуйх сонгодог арга
Ямар ч маргааныг эцэслэн зогсоож, үр дүнтэй уучлалт гуйхыг хүсвэл цэцэг бэлэглэхийг зөвлөж байна. Мэдээж цэцэг өгснөөр бүх асуудал шийдэгдэхгүй ч эхнэртэйгээ эвлэрэхийг чин сэтгэлээ хүсч байгааг чинь илэрхийлэх болно. Уучлах магадлал ч өндөрсөнө.
4️⃣ Баярлалаа гэж хэлэх төгс арга
Гэрлэсэн хосууд нэг нэгэндээ баярлалаа гэж хэлэх нь харьцангуй бага байдаг байна. Өдөр тутамд давтагддаг зүйлсдээ бид талархалтай ханддаггүйн улмаас үнэ цэнэгүй мэт санагдах үеүд байдаг. Тиймээс эхнэрийнхээ чамд гэж зориулж, сэтгэл гарган хийсэн бүхэнд баярласнаа илэрхийлэхдээ цэцгийн баглааг хавсаргаарай.
5️⃣ Ямар ч шалтгаангүйгээр тэр цэцэг авах эрхтэй учраас.
Зүгээр л таны эхнэр, хүүхдүүдийн чинь ээж, хамт хорвоог туулж байгаа хань учраас тэр хангалттай цэцэг авах эрхтэй хүн. Өөрийн биеээр, хүргэлтийн үйлчилгээгээр, таримал цэцэг, баглаа цэцэг эсвэл нэг ширхэг цэцэг түүндээ өгсөн ч хайр баяраар бялхуулж чадах хангалттай их хүчтэй юм шүү.